Чулуутын хавцлын шилэн гүүрний ажлын явц 10 хувьтай үргэлжилж байна

2017-04-11 Амрах агшин

 

 

Архангай аймгийн Чулуутын хавцал дээгүүр 150 метр урт, 40 метр өндөртэй шилэн гүүр барих ажил эхэлжээ. Ажлын явц 10 гаруй хувьтай үргэлжилж байгаа ч үндэсний их баяр наадмаас өмнө дуусгахаар төлөвлөсөн тухай  “Шилмэл шил” компанийн захирал М.Даш хэлж байна. Тус гүүрэн дээгүүр жуулчид хоёр цаг орчим алхахдаа хажуугийн шатаар доош бууж, байгалийн сонин, содон тогтоц бүхий хавцалтай илүү ойроос танилцахын зэрэгцээ төөрдөг толин байшингаар зочлон, агаарын гулсуур, агаарын дугуй, мотоциклын шоу үзүүлбэрт шимтэх боломжтой юм байна.

Мөн хавцлын хоёр талаар энгийн болон дээд зэрэглэлийн хоёр төрлийн жуулчны бааз байгуулж, өөр өөр өнгө, загвар бүхий шилээр бүтээсэн 20 гэрт жуулчид хүлээн авах зэрэг аялал жуулчлалын цогцолбор сүндэрлэн босох аж.  Байгалийн унаган төрхийг алдагдуулахгүй, байгаа янзаар нь хүмүүст үзүүлэх зорилготой төсөл гэдэг үүднээс хавцал дотор эко ариун цэврийн байгууламж барих бөгөөд бохироо шууд дээш нь соруулж авахаар хийх аж.

Дэлхийн дөрөв дэх шилэн гүүрийг Монголд барих өртөг нь 2.2 тэрбум төгрөг. Иймд дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулахад анхаарч буй гэнэ. Шилээ тэд Бээжингийн улсын үйлдвэрт захиалан хийлгүүлж байгаа учраас гүүрэн дээгүүр машин явсан ч хагарч, цуурахааргүй маш бат бөх байх юм.

Нэг сантиметр зузаан шилийг хоёр давхарлаж наасан тул хэр баргийн доргилтод тэсвэртэй, лантуугаар нүдээд хоёуланг нь хагалсан ч амархан салж унахгүй учраас аюулгүй байдлын хувьд санаа  зовох зүйлгүй гэнэ.

А.Уянга

<

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.